Монголын анхны Мөнгөний захын платформын үйл ажиллагаа нээлтээ хийж, анхны бүтээгдэхүүн болох Репо зээлийн төслөө танилцууллаа
Монгол Улсын санхүүгийн зах зээлд нэн шаардлагатай байгаа Банкны бус санхүүгийн байгууллагуудын хоорондын мөнгөний захыг бий болгохоор Мони Маркет фанд Компани Репо зээлийн төслөө танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ. Энэхүү нээлтийн арга хэмжээний үеэр Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Банк бус Санхүүгийн байгууллагуудын холбооны удирдлага болон Банк бус санхүүгийн байгууллагуудын төлөөлөл оролцож, Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Монгол улсын санхүүгийн зах зээлийн 90 гаруй хувийг банк сектор эзэлдэг. Гэвч арилжааны банкнуудтай харьцуулахад Банк бус санхүүгийн байгууллагуудын активт эзлэх мөнгөн хөрөнгийн хэмжээ их байгаа нь сул чөлөөтэй эх үүсвэрээ богино хугацаанд байршуулах санхүүгийн хэрэгсэл байдаггүйтэй холбоотой. Сул чөлөөтэй эх үүсвэрүүдийг тасралтгүй эргэлтэнд оруулснаар тухайн байгууллагын орлого нэмэгдэх, улмаар эх үүсвэрийн зардал буурч, зах зээлийн зарчмын дагуу зээлийн хүү буурах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.
Банкны бус санхүүгийн байгууллагуудын зээлийн багцад зохицуулагч байгууллагаас өөр байгууллага тогтмол түүврийн аргаар тулган баталгаажуулалт хийж, зэрэглэл тогтоох, зээлийн чанар болон санхүүгийн тайлагналыг сайжруулах замаар салбарын хөгжилд шинэ ахиц дэвшил гаргах зэрэг ач холбогдолтой нь Монгол улсын Их хурлаас баталсан Зээлийн хүүг бууруулах стратегийн зорилттой нийцэж байгаагаараа онцлогтой. Энэ ажлыг эхлүүлэхээр ийнхүү “Мони Маркет фанд” ХХК үйл ажиллагаагаа эхэллээ.